Артерийн даралт бууруулах эмнүүдээс аль нь даралтыг хамгийн сайн буулгадаг вэ?

Артерийн даралт бууруулах эмнүүдээс аль нь даралтыг хамгийн сайн буулгадаг вэ?

  • 2023-05-03 06:39

Артерийн даралт (АД) бууруулах олон төрлийн эм худалдаанд байдаг боловч аль эм нь тухайн өвчтөнд даралт хамгийн сайн бууруулах нь тодорхойгүй байдаг. АД бууруулах дан найрлагатай нэг эмийг нөгөөтэй харьцуулахад даралт алинд нь илүү буурч байгааг тодорхойлохоор Швед дэх судалгааны эмнэлгийн амбулаториор үзүүлсэн эрсдэл багатай өвчтөнүүдэд санамсаргүй байдлаар, давхар хяналтат, давтан кроссовер туршилт судалгаа хийсэн (NCT02774460).


Хоёр зуун наян өвчтөнд (дундаж нас 64; эрэгтэйчүүд 54%; дундаж АД 154/89 мм м.у.б) санамсаргүй түүврийн аргаар 4 өөр бүлгийн эмнүүдээс дан найрлагатай эм өдөрт 1 удаа уулгахаар эмчилгээнд хамруулсан. Эдгээр 4 бүлгийн эмүүд нь ангиотензин хувиргах ферментийн саатуулагч (лизиноприл 20 мг); ангиотензины рецепторын хориглогч (кандесартан 16 мг); тиазидын шээс хөөх эм (гидрохлоротиазид 25 мг); кальцийн сувгийн хориглогч (амлодипин 10 мг) байв.


Дээрх бүлгийн эмнүүдэд үзүүлэх даралтын хариу урвал нь хүн бүрт, эмчилгээ бүрт, тэр ч байтугай нэг төрлийн эм хэрэглэж байхад хүртэл янз бүрийн мөчүүдэд мэдэгдэхүйц ялгаатай байв. Цагаан арьст Европын хүн амын дунд ерөнхийдөө гидрохлоротиазид хэрэглэж байсан хүмүүсийн АД бусад бүлгийн эмнүүд хэрэглэж байсан өвчтөнүүдээс өндөр байсан ч кандесартан, лизиноприлын хооронд эсвэл амлодипин, гидрохлоротиазидын хооронд ялгаа бага ажиглагдсан.


Эмнэлзүйн (нас, арьсны өнгө г.м) болон амьдралын хэв маягийн онцлог (жишээ нь: давсны хэрэглээ өндөртэй өвчтөнд илүү тиазидын шээс хөөх эм хэрэглэх шаардлагатай г.м), мөн тухайн өвчтөний өөрийн сонголт зэрэгт үндэслэн эмчилгээг хувь хүн бүрд тохируулж хийх хэрэгтэйг сануулж байна.


Эх сурвалж: https://www.jwatch.org/na56018/2023/04/24/which-antihypertensive-medication-provides-best-blood?ijkey=0IxgcSeAf&fbclid=IwAR28fDT2IrcTsD1XkV1ki4_5XqQXil5fvR382aQ_h28fZnxTsb1OyPa2nKg

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.